Б.Баярмаа: Банкны салбарынхан мод тарих төслүүдийг 1.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
uranatuya@gmail.com
2024-03-08 16:54:13

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор банкны салбарынхны үүсгэн байгуулсан “Тэрбум мод” сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаагаас сангийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.  

 

“Тэрбум мод” сан байгуулагдаад хоёр жил болж байгаа. Энэ сан бол Монголбанкны санаачилга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлогын дэмжлэг болон Монголын банкны холбооны дэргэдэх банкуудын санаачилгаар байгуулагдсан хувийн хэвшлийн сан юм. Гүйлгээний шимтгэлийн орлогынхоо тодорхой хувийг сандаа төвлөрүүлж, ойжуулах төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, үрсэлгээ хийх, мод ургуулах чадавхыг сайжруулах ТЭЗҮ, тооцоо судалгаа хийхэд тусламж олгодог байх зорилгоор  байгуулагдсан. Байгаль орчныг хамгаалах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад өөрийн хувь нэмрээ оруулахаар банкны салбарынхан ийнхүү нэгдсэн юм. 


Байгаль орчны салбарт санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох явдал тун чухал. Тэрбум мод сан нь байгаль орчны салбар, тэр дундаа ойн салбарын санхүүжилтийг төрөлжүүлэн зөвхөн төсөв эсхүл олон улсын зээл тусламжаар байгаль орчны төслүүд хэрэгждэг байсан жишгийг өөрчлөн дотоодоосоо буцалтгүй санхүүжилт болгох, мөн санхүүжилтийн шинэлэг төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаараа онцлог ажээ.

 

-Банк санхүүгийн салбарынхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний амласан амлалтаа биелүүлэхийн тулд энэ санг байгуулсан уу?

-Тийм. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд манай банкны салбарынхан 50 сая мод тарьж ургуулахаар амласан юм. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд сан байгуулан, түүгээрээ дамжуулж арилжааны банкууд мөнгөн хандив цуглуулж мод тарих зорилготой байгуулагдсан сан. Одоо 105 мянган мод тарьсан, арчилж тордож ургуулаад гурван жилийн дараагаас үр дүн нь харагдана. 37 га газарт шинээр нөхөн сэргээлт хийсэн байна.

 

-50 сая мод тарихаар амласан байдаг. Гэтэл одоо ердөө зуу гаруй мянгыг тариад байгаа юм байна, тийм үү?

-Банкны салбарынхны хамгийн сайн хийж чадах зүйл болж мэдээж санхүүжилт босгох. Тэгэхээр тогтвортой санхүүжилтийг нь шийдэх замаар ойн салбарыг дэмжих, үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байгаа.

Бид зөвхөн амласан модоо тариад орхих биш, мод тарих, ойжуулах ажлыг хийхэд цогцоор нь анхаарах ёстой гэж үзсэн юм.

Мод тарих ургуулах гэдэг нь зүгээр л уулнаас мод аваад, түүнийгээ газар ухаад суулгачих асуудал биш, шат дараалалтайгаар, тодорхой зохион байгуулалттайгаар, төлөвлөгөөтэй хийгдэх ажил гэдэг нь тодорхой. Үрээр тарих юм уу, тарьц суулгацаар тарих юм уу, мод үржүүлгийн газартай болох уу, тарьсан модоо яаж арчилж хамгаалах вэ гэх мэт маш олон асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Мөн орон нутгийн удирдлагууд болон бэлчээр ашиглагч малчидтай зохицож, ойлголцох, ус, усалгаагаа хэрхэн шийдэх гэх мэт асуудал байдаг. Цэвэр усаар усалгаагаа хийгээд байх уу, төв суурингаас ус татах уу, эсвэл зөвхөн голын эрэг дагуу л мод тариад байх юм уу гээд маш олон асуудал байна. Ямар модыг хаана тарих, яаж ургуулахыг ч мөн шийдэх ёстой.

 

-Танай сан өнгөрсөн хугацаанд ойжуулах төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, сургалт судалгаа хийхэд хэдий хэмжээний санхүүгийн тусламж үзүүлээд байна вэ?

-Бид 2022-2023 онд анхныхаа төслийн сонгон шалгаруулалтыг зарлаад ойн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлэг, цэцэрлэгжилт, тохижилт үйлчилгээний бүхий л компаниуд, ойн газрынхантай уялдаа холбоотой ажилласны үр дүнд 197 төслийг хүлээж авснаас 34-ийг нь сонгож шалгаруулан авсан юм. Ойн салбар дахь хамгийн туршлагатай, чадвартай эрдэмтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн техникийн түр хорооныхон дээрх төслүүдийг хараат бусаар шалгаруулсан. Шалгарсан төслүүдийн тухайд, төрийн өмчийн цэцэрлэг сургуулийн гадна тохижилт, ногоон байгууламж, олон нийтийн оролцоотойгоор мод тарих, ойжуулах, нөхөн сэргээлт хийх, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүд. Тэдгээрийн дийлэнх нь цэцэрлэг, сургуулийн гадна тохижилт, цэцэрлэгжилтийн төслүүд байсан. Мөн олон нийтийн оролцоотой ойжуулах ажлын төсөл. Тэдгээрт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа. Төслүүдийн хүрээнд хийгдсэн ажлууд буюу тарьсан мод ургамал 92 хувийн ургалттай байгаа нь хэрэгжүүлсэн, санхүүжүүлсэн төслүүд маань амжилттай, сайн төсөл байсныг л илтгэж байгаа юм.

 

-Мөн олон нийтийн экологийн боловсрол гэдэг маш чухал асуудалд танай сангийн үйл ажиллагаа чиглэдэг юм байна?

-Манай сангийн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь ойн салбарынхныг чадавхжуулах, энэ салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх  явдал л даа. МУИС-ийн Экологийн сургуулийн Ойн ангийг тохижуулах, бага насны хүүхдийн экологийн боловсролд зориулж хүүхэлдэйн кино хийх зэрэг ажлыг санхүүжүүлсэн байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 800 мянган хүнд экологийн боловсрол олгож, мэдээлэл хүргэсэн байна. Одоо бид гурван шинэ технологи туршиж байгаагийн нэг нь ШУТИС-ийн “Бортоготой тариалалт”-ын туршилт.

Мөн ХААИС-ийн “Нано бөмбөлөг”-ийн туршилт байна. Энэ нь Канадад аль хэдийн нэвтэрчихсэн, мод суулгацын ургах явцыг түргэсгэдэг инновац шингэсэн шинэ технологи. Үүнийг туршихад санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж байна.

 

-Төсөл шалгаруулах хугацаа болон бусад зүйл дээр ямар зарчим баримталдаг вэ?

-Өмнө нь манай сан тодорхой тогтсон хугацаанд төсөл хөтөлбөрөө шалгаруулдаг байсан бол энэ жилээс эхлэн жилийн туршид тендер шалгаруулалт маань явж байх зохицуулалтыг хийлээ. Энэ нь ойн салбар, нөхөн сэргээлт, байгаль орчны салбарт мэдлэг чадвар, боломж бололцоогоо дайчлах гэж байгаа хүмүүст цаг хугацааны дарамт үүсгэлгүйгээр өрсөлдөх, шалгараад хамтарч ажиллах боломжийг нь нээж өгч байгаа хэрэг.


- Мод тарьж ургуулах, ойжуулах ажлыг эдийн засгийн үр өгөөжтэй болгох юм бол ойн салбарт үйл ажиллагаа явауулахыг хүсэх иргэдийн хандлага нэмэгдэх юм болов уу?

-Бид энэ сангаар дамжуулаад ойн салбарынхныг чадваржуулах, тэдний ажлыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашиг хүртдэг болгох арга замыг эрэлхийлж ажиллаж байна. Зөвхөн мод тарьж ургуулна, цэцэрлэгжүүлнэ гэснийг санхүүжүүлэхдээ гол нь биш.

Бидний санхүүжүүлсэн төсөл, тарьсан мод, үрслүүлсэн суулгац нь эдийн засгийн үр өгөөжийг өгдөг байх нь чухал шүү дээ. Энэ утгаараа агро ойжуулалтын сайн туршлагуудыг нэвтрүүлэхэд бас анхаарч байна. Эдийн засгийн үр өгөөжөө өгдөг салбар юм гэдгийг иргэд, олон нийт ойлгоод эхэлбэл мод тарьж ургуулах ажил ч улам урагштай болно.

 

-Танай сангийн баримталдаг зарчим?

-Сангийн үйл ажиллагааг ил тод, шударга, тэгш хүртээмжтэй байлгахыг эрхэм болгодог. Бас зөв газар, зөв модыг, зөв зорилгоор, зөв аргачлалаар тарьж, ойн салбарын тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгоно гэсэн зарчмыг бид баримталдаг.

 

-Зөв модыг зөв зорилгоор тарьж ургуулах гэдэг үнэхээр чухал.

-Тийм ээ. Жишээ нь Өвөрхангай аймагт хэрэгжиж байгаа төслийн хувьд тухайн орон нутгийн хувь хаана ямар мод тарих вэ гэдгээ мэдэж судлаад тэр дагуу хэрэгжиж байгаа төсөл. Мөн Өмнөговь, Дорноговь аймагт говийн хөрсөнд ургах, говьд хэрэгцээтэй мод бут суулгах төсөл хэрэгжиж байх жишээтэй. Энэ мэтээр мод тарих газраа оновчтой сонгоод, хэзээ яаж, яаж тордож ургуулах вэ гэдгээ нарийн тооцоолсон байх учиртай. Ингэж байж “Тэрбум мод” үндэсний энэ том хөдөлгөөнөө үр дүнтэй болгох юм.

 

 

Холбоотой мэдээ