ЗАВХАН: Улиастай сум энэ хавар тарих 3500 гаруй тарьцаа бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-11 17:29:54

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Улиастай сум энэ хавар тарих 3500 гаруй тарьцыг бойжуулж байна.


Тус сум "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж жилд 1500-2500 ширхэг модыг тарьж ургуулах зорилготой бөгөөд өнгөрсөн жил 4800 гаруй модыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгээр тарьжээ.


Мөн аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан аймгийн төв Улиастайд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэх зорилгоор, мандлын 4000 ширхэг цэцгийн бэлэн үрсэлгээг тарьж ургуулсан байна. Тус сум тухайн жилд тарьж ургуулах модоо тарьц, суулгацаар нь бойжуулах ажлыг сумын иргэдтэй хамтран явуулж бэлтгэдэг.


Мөн тухайн жилд хотын өнгө үзэмж, тохижилтын ажилд зориулан цэцгийн үрсэлгээг бойжуулж бэлтгэдэг байна.



Тухайлбал зориулалтын гэрэл тавиураар тохижуулсан өрөөнд жил бүр мандлын 2500-3000 орчим ширхэг цэцгийн үрсэлгээг бойжуулан ургалтын үеийн арчилгааг хийдэг байна.


Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний уриалгыг дэмжиж бодит үр дүн гаргаж байгаа сумын иргэд, аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг. Ингэснээр жил бүр мод тарих, цэцэрлэгжүүлэлт хийх, арчлах, хамгаалах иргэдийн тоо нэмэгдэж байна гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.  


Ташрамд, Завхан аймаг “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд мод тарилтын ажилд 1743 иргэн, 193 аж ахуйн нэгж, байгууллага оролцож аймгийн хэмжээнд 532 мянган модыг тарьж, арчлан ургуулж байна. 

Холбоотой мэдээ